“Mercedes-Benz” маркийн автомашинтай Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь зуслангийн байр руугаа явж байсан эхнэр, нөхрийг барьцаалан, их хэмжээний мөнгө шаардсан хэрэг гарчээ.
Тодруулбал, иргэн Б.Д, Н.У нар есдүгээр сарын 9-нд зуслан руугаа явж байх үед 35 настай хоёр эрэгтэй хутга тулган сүрдүүлж, 1.5 тэрбум төгрөг өгөхийг шаардсан байна.
Улмаар тэдний амь насанд халдахаар заналхийлж, эхнэрийг нь барьцаанд авч үлдэн, нөхрөөр нь 300 мянган ам.доллар болон түүнтэй тэнцэх хэмжээний юань бэлтгүүлж, есдүгээр сарын 11-нд авахаар тохиролцсон гэх мэдээлэл байна.
Цагдаагийн байгууллага шуурхай ажиллагаа явуулж, сэжиг бүхий 35 настай хоёр эрэгтэйг саатуулан, барьцаалагдсан иргэдийг амь нас, эрүүл мэндэд нь хохирол учруулахгүйгээр суллажээ.
Сэжигтнүүдийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр тэд уг хэргийг урьдчилан төлөвлөж, хоёр иргэнийг барьцаалан мөнгө шаардсанаа хүлээсэн байна.
