Шөнийн марафоны зохион байгуулалт, санхүүжилттэй холбоотой ташаа мэдээлэл гарч буй тул дараах тайлбарыг хүргэж байна.
Шөнийн марафоныг хувийн хэвшлийн байгууллага зохион байгуулсан бөгөөд нийслэлийн төсвөөс тус арга хэмжээнд санхүүжилт олгоогүй. Бүртгэлийн хураамж, орлого, зарлагыг зохион байгуулагч тал бүрэн хариуцсан.
Нийслэлийн зүгээс намрын “Автомашингүй өдөр”-тэй хамтатган зохион байгуулах хүрээнд иргэдийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөн зохицуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажилласан.
Арга хэмжээний үеэр замын хөдөлгөөнийг хязгаарласнаас иргэдэд хүндрэл, чирэгдэл учирсанд хүлцэл өчье. Цаашид иргэдийн зорчих хөдөлгөөнд нөлөөлөх арга хэмжээг урьдчилан сайтар төлөвлөж, олон нийтэд цаг тухайд нь мэдээлж ажиллана.
